Усгүй Урсгал

2012.03.22

УСГҮЙ УРСГАЛ” ҮЗЭСГЭЛЭН

ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨРТ ЗОРИУЛАВ

“Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо” нь жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд 2012 оны 03-р сарын 22 буюу “ ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР”-ийг тохиолдуулан “УСГҮЙ УРСГАЛ төслийн үзэсгэлэнг олон нийтэд хүргэх гэж байна. Уг арга хэмжээг Усны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин, хамтарч ажиллаж байгаа бөгөөд 03-р сарын 22-ны 9.30-14.00 цагийн хооронд Засгийн газрын ордонд хурал, үзэсгэлэн гэсэн хэлбэрээр явагдана. Мөн уг үзэсгэлэн 23-27-ны хооронд Уран зургийн галерейд үргэлжлэн гарах юм.

Дэлхийн гадаргын 71 хувийг ус эзэлдгээс 97,5 хувь нь далай тэнгисийн шорвог ус, үлдсэн 2,5 хувь цэнгэг уснаас бүрддэг. Харин цэнгэг усны 68,7 хувь мөс хэлбэрээр байдаг байна. Одоогоор дэлхийн хүн ам цэвэр усны 54 хувийг хэрэглэж дууссан гэсэн эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Хүн амын усны хэрэглээ одоогийн түвшнээр үргэлжилвэл, 2025 онд цэвэр усны нөөцийн 70 хувийг хэрэглэнэ гэж НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан мэдээнд онцолсон бол 2025 онд 48 орны 3 тэрбум хүн усны гачигдалд нэрвэгдэнэ гэж үзэж байна. Газрын гадарга дээрх ус агаарт ууршин, үүл болон хуримтлагдаж хур тунадас буух замаар тэнцвэртэй оршиж байдаг бол хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн удахгүй бид мөнгөөр биш усаар цалинжиж болзошгүй гашуун үнэн ойртсоор байгаа билээ 
Тэгвэл уран бүтээлчид ч өөрсдийн өвөрмөц өнгө аястай бүтээлээр хэрхэн нэгдэж, хүн төрөлхтөнд уриалж буйг энэхүү үзэсгэлэнгээс харж болох юм.
Уг үзэсгэлэнд “Монголын Байгалийн Уран Бүтээлчдийн Холбоо”-ны нийгэмлэгийн  тэргүүн Л.Энхбат, УЗГишүүн Н.Амарсайхан, Н.Мөнхбаатар, Д.Баасансүрэн, С.Зэсээ, В.Ундраа, “Хөх нар” төвийн гишүүн Т.Энхболд, уран барималч Д.Батхолбоо, чөлөөт уран бүтээлч Б.Нандин-Эрдэнэ, Н.Насанбат, Г.Цолмон нарын уран бүтээлчдийн хийсэн орчин үеийн дүрслэх урлагийн Уран зураг, Видео арт, Инстоляци (өрөг урлаг), Баримал, Фото арт, Саунд арт чиглэлийн өвөрмөц шийдэл бүхий 20 гаруй бүтээлүүд дэлгэгдэнэ.

Төслийн зорилго

Өдрөөс өдөрт хомсдож буй цэвэр усны нөөцийг хамгаалах, бидний ирээдүйд өдөр тутмын зохист хэрэглээ ямар чухал болохыг дүрслэх урлагийн хэлээр олон нийтэд ойлгуулах, түүнчлэн усыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болон ард иргэдийн харилцааг илүү ойртуулах зорилгыг эрхэм болгон ажиллана.

Контемпорари буюу нэн орчин үеийн дүрслэх урлагийн шинэлэг, өвөрмөц арга техникээр нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маяг, монгол ухаан, хөг аялгуу, соёл сэтгэлгээг шингээсэн дахин давтагдашгүй уран бүтээлүүдийг дэлгэн харуулж, ус болон байгаль дэлхийгээ төдийгүй өөрсдийнхөө амьдралыг хайрлан хамгаалахад олон нийтийг уриалах болно.

Төрийн ордонд үзэсгэлэнгийн дэглэлт

Усгүй Урсгал үзэсгэлэн нь эхний өдөр буюу 2012 оны 03-р сарын 22нд Монгол улсын төрийн ордонд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монголын Усны газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын болон бусад төлөөлөгчид оролцон үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг сонирхон үзлээ.

Төрийн ордонд гарсан үзэсгэлэн амжилттай болж бид дараагийн өдрүүдэд  Монголын Уран Зургийн галерейд 2012 оны 03 сарын 23-27ны хооронд 5 хоногын хугацаатай  усны ач холбогдол түүнд нүүрлээд буй аюулын талаар орчин үеийн дүрслэх урлагийн өвөрмөц шийдэл бүхий бүтээлүүдээр олон нийтэд дэлгэн үзүүллээ.

Энэхүү үзэсгэлэнг усны талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээллийн газрууд, их дээд сургуулийн оюутан залуус, урлаг сонирхогчид, дунд сургуулийн хүүхэд багачууд  хүрэлцэн ирж сонирхлоо.